Saturday, January 15, 2011

Битүүлэх

Цагаан сарыг тэмдэглэхийн бэлтгэл болгож өвлийн сvvл сарын хорин есний өдөр айл бvр хир тоосоо арилган цэвэрлэнэ. Энэ шинэ оноо ямар ч муу муухай зvйлгvй угтахын бэлгэдэл болдог. Битvvний өдөр тансаг идээгээ таваг дvvрэн засахын зэрэгцээ хонины тарган ууцыг том цар таваг дээр тавина.
Битvvнд бууз жигнэж, банш чанадаг ёстой. Битvvний идээ цай бэлэн болгоод нар шингэх vесд битvvлгээ хийнэ. Ингэхдээ өрхийн тэргvvлэгч гэрийнхээ баруун тотгонд мөс, зvvн тотгонд өргөстэй харгана тавиад (муу юм оруулахгvй гэсэн утгатай) гэртээ орж шаант чөмөгний мах идэж ясыг тун сайн мөлжөөд “Битvv гарах уу" гэж асуухад гэрийнхэн "битvv гаргая, гаргая" гэж хариулна. Тэгээд чөмгийг ташиж (нэг л удаа заавал хугалахаар цохин чөмгийг гаргадаг) "Битvv гарлаа" гэсний дараа хоорондоо эрэмбээр "тавтай битvvлж байна уу" гэж мэндэлцгээнэ.
       Битүүний орой бол өвлийн адаг хөхөө сарын гучин буюу үдэж байгаа оны эцсийн үдэш, энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй байдаг бөгөөд бууз банш, эрүүг нь заагаагүй толгой зэрэг битүү хоолыг битүүртлээ иднэ хэмээснээс битүүлэг гэдэг нэр үүссэн бололтой.  Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авахад тэнгэр үүлээ хөөн “Үсээ самнасан авгай, үнсийг нь авсан тулга, үүлээ хөөсөн тэнгэр” цэмцгэр болж ертөнцийн гурав бүрддэг хэмээн сургадаг. Энэ орой хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморыг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унааг услах мөс баруун хатавчиндаа, тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавьж, буруу бүслүүртээ буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн харгана хавчуулдаг ёстой байв. Малаа хотлуулж, бурхан тахилаа сэргээн битүүний энэ оройд зориулж бэлдсэн идээ, чанасан мах, жигнэсэн буузыг цадатлаа идэж, сэтгэл тэнүүн ирж буй оны босгон дээр өглөө гарах, ирэх зүг мөрийг тогтоосноор сар шинийг угтах бэлтгэл болдог. Ингэж гэр дотроо битүүлж ёсолсоны дараа айл саахалтынхан харилцан зочилж баяр хөөрөө хуваалцан хуучин оныг мэнд аз хийморьтой үдэж буй энэ ёслолыг тэмдэглэдэг учиртай.
       Тухайлбал дээр дурьдсанчлан ёслолын идээ амсан идэж уугаад, айлын улс бие биенийдээ орж “ сайхан битүүлж байна уу” хэмээн асуулцаж битүүлгийн идээ будааг ёслон идэж баярлалдаж хөгжиж найр цэнгэл үлдэнэ. Энэ бүхэн нь мал аж ахуйн хөдөлмөрийнхөө бүтээгдэхүүний тэр жилийн дээжээр айлчин гийчнээ дайлж буйн учир утгатай.
       Битүүний орой битүүртлээ иднэ гэдэг нь шинэ оныг гэдэс цатгалан, элбэг дэлгэр угтвал тэр жилдээ мөн хэвээр байна гэсэн утга бүхий зөн билэгдлийн заншил юм.
      Энэ орой сар шинийг хүлээн шагай, хорол наадаж таавар, оньсого таалцаж хөгжилдөж хононо. Битүүнд айлд хонохгүй, хэсэхгүй, хэрүүл хийж билэггүй юм  ярихгүй, бүх цэвэрлэгээ дуусч шинийн өглөө ус барих, юм угаах, хог үнс асгах, мал нядлах, хүүхэд, амьтан зодох, юм оёх, түлээ хөрөөдөх гэх мэтийн үйлдлийг хийхгүй, эд мөнгө зээлэх, хэрүүл хийх, өр төлбөртөй онд орохыг цээрлэдэг. Урьд өмнө хэрэлдэж муудсан хүмүүс, өмнөхөө хөөрөг зөрүүлэн тайлдаг учиртай, урдын муу үйл дээр буян хишиг тогтдоггүй гэж үздэг. Энэ нь сар шинийн өмнө саар бүхнийг гээн бие, хэл, сэтгэлийг ариусгаж, бодол санаагаа цэгцлэж буйн нэг илрэл юм. Ингэж монголчууд шинэ оныг дорноос төрөх өглөөний улаан нарнаар угтан бүх хүн амьтан бүр нэг нас нэмж, өвлийг өнөтөй давж урин дулаан хаврын тэргүүн барс сартай золгодог нь европ болон баруун зүгийн шинэ жилээс ялгаатай.
     Шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагааг арвинаар бэлдэн, сэтгэл санааны ариунаар их билэг дэмбэрэлтэй өдөр болгодог нь жилийн явцад ийм өдөр тохиосон ч түүний хорлолд өртөхгүй байх учиртай дом юм. Монголчууд ургаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморлог зүйл хэмээн үздэг.
Шинийн нэгний өглөө ургах нартай уралдан эрчүүд ойролцоох уулын орой дахь овоонд цай идээнийхээ дээжийг тэнгэр, хангайдаа өргөж, хийморийн зүг гарч хишгийн зүгээс ирж байхаар баримтлан гэртээ ирдэг заншилтай. Гэртээ ирээд үр хүүхэд нь эцэг эхдээ, дүү нь ахмададаа золгосоны дараа өөрсдийн төрөл настангуудад, дараа нь айл саахалтаар өргөн золголт болж сар шинэд сайн орсныг тэмдэглэнэ. Хөгшид өтгөсдөө онцгой хүндэтгэл үзүүлж золгохдоо хөгшид өтгөс, өөрсдийн эцэг эх, төрөл садангийн ахмад хүмүүст хадаг барин, задгай нугалаа бүхий ам талыг золгох хүн рүүгээ харуулж дэлгэсэн алган дээр нь эрхий хуруунд тулгаж тавих ба ахмадуудад хадгаа үлдээх ч ёс бий. Хадаг баранзад, нанзад, вандан, соном, даш гээд олон янз ба голдуу хүний дүрстэй Аюуш хадгаар золгодог. Хадаг авсан хүн онцгойлон нандигнаж эвхээд хүндтэй газар тавина.
       Энэ өдөр олныг хамарсан хөгжөөнт тоглоом, шагай, хорол, шар нохой гүйлгэх, сээр хугалах, бооцоотой уралдах, адуу шургуулж уургалах зэргээр наадна. Хүн бүр үндэсний гэгдэх нандин юм болгоноо гарган хэрэглэж, шинэ дээл хувцасаа өмсөн, сайн сайхан, билэг дэмбэрэлтэй юм ярьж, элдэв муу үг хэлэх, хэрэлдэхийг хатуу цээрлэдэг. Бүх хувцас шинэ байх албагүй бөгөөд хүн биедээ дээл ч юм уу, цамц эсвэл оймс гэх мэт нэг л шинэ юм өмссөн байх учиртай. Хөгшид хүүхдэд гар цайлгах хэмээн бэлэг өгдөг ч бэлгийн  гол агуулга нь  сэтгэлийг цайлгахад оршдог аж.
       Ирсэн гийчнийг дайлахад хамгийн хурдан болдог хоол бол банш юм. Иймээс хүмүүс баншийг ихээр хийнэ. Чимхэхдээ хуучин цагт алт мөнгийг хадгалдаг ембуу хэлбэртэй хийдэг нь элбэг баян орших билэг дэмбэрэлтэй гэдэг. Элдэв сонин хачин үйл явдал, үлгэр, оньсого хэлж, энэ орой зөвхөн гэр бүлийн хэмжээнд болгосон банш буузандаа цагаан мөнгө хийж таарсан хүнийг энэ жилдээ олз омог, аз хиймортой явна гэж билэгшээдэг. Тавагтай идээний боовыг 3,5,7,9 гэж сондгой үеэр жаргал зовлонг ээлжилж жаргалаар эхлээд жаргалаар дуусгахаар тохируулж өрдөг заншилтай. Үүнээс гадна цагаан сараар хүүхдэд өх боов хийдэг. Гол идээний нэг бол халуун хошуут хонины ууц юм. Ууцыг бүхлээр тавивал голд толгой, дээд талд нь хаа, сүүл талд нь гуяыг хосоор, цээжин талд нь өвчүү, сээр, хүзүүг амьд хонинд байдаг байршил, дарааллаар нь тавьж толгой тал нь хойморт чиглэнэ. Өвчүү чанавал өехийд дал, дөрвөн өндөр хавирга, шаант богтос тавина. Ууцанд зөвхөн гэрийн хүний зөвшөөрөлтөйгөөр хүрч эхэлж толгойн хамар дээрээс хуйх эсвэл ууцны сүүлнээс нимгэлэн авч галд өргөөд дараа нь ууцыг зүүн гараар сүврэг талаас барьж баруун гараар өөхөн нуруу хэсгээс нимгэн өөгүй зүсч дараа нь хөл махны бугалга талаас барьж зүсч ёслох ба өөрсдийн дагуулж яваа хүүхэд хүмүүст хүртээж болно. Их хүрээний монголчууд Богд уулын ар хормой дахь Эрдэнийн овоо хэмээх намхан довцогт эрт дээр үеэс өнөөг хүртэл гарсаар заншжээ. Өдгөө цагт энэ сайхан уламжлал суурьшмал иргэншлээ дагаад бараг үгүй болж, мартагдсан гэдэгтэй маргах хүн үгүй бизээ. Хүрч очих овоо ойр биш бол тэр зүгт залбиран, ууц тавьж, боов өрөх боломжгүй бол жижиг идээ бэлдэж болно. Хамгийн гол нь өөрсдөө сэтгэлээр ариун, сэтгэгдлээр өндөр, хүн бүрийн хийморь, баяр баясгаланг гийгүүлдэг энэ өдөр зөн билэгдэл, зан суртахууны ариун чанар шингэсэн жинхэнэ монгол үндэстний зан заншил, үндэснийхээ утга агууллагыг хадгалан үлдэж, хүний ёс жудаг, өвөг дээдсийнхээ захиасыг ямагт санаж явах нь эрхэм нандин зүйл юм .
       Мэндлэх, хүндлэх, зочлох, бие биенээ уучлан сэтгэлээ цайлгах, цэвэр цэмцгэрийг эрхэмлэх, аж ахуйгаа цэгцлэх, эрэмбэ дарааллыг баримтлах гэхчлэн олон сайхан ёс жудаг энэ л баярт шингэсэн байдаг. Иймдээ ч хөх тэнгэрээс заяат Монголын минь ард түмэн энэ сайхан өдрийг билэгшээн хүлээдэг юм. Бүү март, мартвал сөнөнө. Цагаан сарыг утга төгөлдөр тэмдэглэж байхын учир шалтгаан энэ буюу.

No comments:

Post a Comment