"Их бүхэл" гэдэг нь хонины таван түрүү махнаас тэвхэн ууц, өвчүү толгой, дөрвөн мөч, өндөр богино хавирга, шилтсээр зэргийг багтаасан их ёсны ууц юм. Их бүхлийг зэс, гууль, мөнгөн цар дээр дөрвөн мөчийг нь амьд хонины хэвтээ байдлаар хойт урд, зөв буруу талаар нь ялгаж өрөөд гол дунд нь сээр хүзүүг багтааж, эвэр магнайг нь шар тосоор чимсэн хонины толгойг сүүлнийх нь эсрэг хандуулан ууцны гол дээр тавьдаг. Иймэрхүү дэг ёсыг "Их бүхэл" дэвшүүлэх хэмээн нэрлэдэг.
"Дунд бүхэл" гэдэг нь толгой шийрийг оруулахгүй тавьсныг хэлнэ.
Монголчуудын ууц хөндөх гол ёс нь: Зүүн гараараа харцаганаас цэмцгэрхэн түшиж, ууц сүүл хоёрын уулзвар орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураас дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Мөн сүүлний богтрого орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халималж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах өөх нийлэх орчмын хоёр талаас хоёр хэсгийг авч дээрхтэй нийлүүлж галын хувь гэж тусгай тавина.
Ийнхүү ууцаа хөндсөний дараа ууцаа таллана. Ууцны хоёр талын намилхайнаас нимгэн нимгэн зүсч таллаж авсанаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмэрлэнэ. Гурвыг нь дээж болгож тусгай тавин, үлдсэнийг нь өөрийн хувь болгон амсана. Дараа нь түрүүчийн адил ууцныхаа хоёр талаас нимгэн авч "хишиг" хэмээн хэлж зочлуулан хүмүүст амсуулна. Харин ууцыг таллахдаа харцаганы хоёр талын сэртэн яснаас дотогш ортол таллаж болохгүй.
Малын махны толгой хэсэг нь эх тал нь болох бөгөөд эх талаар нь зочин руу харуулан тавина.
Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэрдэгэн талаас барьж, баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иднэ. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх хар сээр, ууцных сүвэрдгэн тал, өвчүүнийх бүдэрхий, далных толгой нь, хавирганых толгой тал, бугалганы нарийн атгамал үзүүр нь, богтосных нарийн үзүүр нь, шагайных боривтой тал нь, дунд чөмөгнийх нарийн үзүүр нь, сүүжнийх далбаа тал нь тус тус эх тал нь байдаг.
No comments:
Post a Comment