Монголчуудын мэндлэх ёсны нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндлэх ёс юм. Хөөрөг солилцох нь эв найртай, нөхөрсөг байхын дохио тэмдэг болно. Ахмад хүн буюу зочин хүн тухлан суусны дараа дүүмэд хүн хөөрөгнийхөө бөглөөг султгаж, баруун гарынхаа тохойг зүүн гараараа дэмжиж биеэ мэхийсхийн барина.
Ахмад буюу зочин ч мөн адил өөрийн хөөрөгний бөглөөг султган баруун гараараа өгөхөд дүүмэд нь хоёр гараараа тосон аваад хамартаа хүргэн үнэрлээд буцааж бариад өөрийнхөө хөөргөө буцаан авдаг. Үе насны хоёр хүн тамхилан мэндчилэхдээ тус тусын хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог.
Хөөргөө солилцон уулзах нь монгол хүний харилцааны уламжлалт нэг ёс заншил болох төдийгүй нөхөрлөлийн чухал бэлэг тэмдэг болдог байна. Хоорондоо муудалцан эв түнжин хагарсан хоёр хүн хөөрөг солилцохдоо "хонзонгоо арилгая, хоёр биедээ өш санахгүй явья" хэмээн хэлж өнгөрснийг мартаж шинээр сайн анд нөхөд болж эвлэрэх бэлгэдлийг илэрхийлдэг. Тиймээс ч монгол эр хүн бүхэн хөөрөгтэй, хөөргөө мана, хаш, болор зэрэг эрдэнийн чулуугаар хийнэ.
Хөөрөг эр хүний нэг чимэг болдог тул хөөргөө нандигнан хайрлаж тусгай гоёлын уутанд /даалин/ хийж өвөртлөн байнга биедээ авч явдаг. Хөөргийг газар тавих, хөл доор орхих, дээгүүр нь алхах гишгэхийг ихэд цээрлэнэ.
No comments:
Post a Comment