Урьд бурхан монгол литийн арван хоёр жилд адгуусан амьтны нэр өгч байхдаа арван нэгэн амьтны нэрийг шулуухан тохоогоод арван хоёр дахь буюу 12 жилийн хамгийн эхний жилд ямар амьтны нэр өгөх вэ гэтэл тэмээ, хулгана хоёр нэрээ оруулж булаацалджээ. Бурхан аль, алиныг нь гомдоохгүйн тулд "Өөрсдөө шийд" хэмээн айлджээ. Тэр хоёр маргааш өглөөний мандах нарны туяаг хэн түрүүлж үзсэн нь 12 жилийн түрүүчид тохоогдохоор болж, мэлзээ тогтоосон ажээ.
Тэмээ нар гарах дорно зүг харж нар гарахыг хүлээж зогсов. Хулгана тэмээний бөхөн дээр гарч аваад баруун зүг харан цаг ямагт уулын орой ширтэж байв. Тэгж байтал нар гарах цаг болж, ургах нарны анхны туяа баруун уулын оройд туссанд хулгана нарны гэрлийг түрүүлж үзлээ хэмээн хашхирчээ. Тэмээ мэлзээгээ алдсандаа уурлан хулганыг дэвсэж алах гэж ухасхийтэл, хулгана овоолоостой үнсэн доогуур гүйн орж амь хоргодож гэнэ. Тэр цагаас хойш тэмээ үнс асгасан газар харагдах бүрд өнөөх өстөн дайсан хулганыг бяц дарах санаатай үнсийг дэвсэлж хөрвөөдөг болсон гэнэ. Ингээд хулгана арван хоёр жилд багтаж, тэмээ хасагдах болсон гэнэ.
Гэвч тэмээ арван хоёр жилд багтаагүй боловч арван хоёр жилд багтсан бүх амьтны шинжийг цөмийг биедээ агуулсан байдаг ажээ. Уг шинж нь:
1. Хулгана чихтэй
2. Үхэр гэдэстэй
З. Бар тавагтай
4.Туулай хамартай
5. Луу биетэй
6. Могой нүдтэй
7. Морин дэлтэй
8. Хонин ноостой
9. Мичин бөхтэй
10. Тахиа өрвөлөгтэй
11. Нохой гуятай
12. Гахай сүүлтэй юм гэнэ билээ.
No comments:
Post a Comment