Цээрлэх зүйл
Сар шинийн өдрүүдэд хамгийн их тэвчиж, цээрлүүштэй нь уур, шунал, мунхаг гурав гэдэг. Мөн үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг байна. Архи ууж, хөлчүүрхэж агсам согтуу тавих, шинэ сарын идээ будаанд эзний зөвшөөрөлгүй, өөрөөр хэлбэл, “За идээ будаа зоогло” гэж хэлэхээс өмнө идээ будаанд хүрэх, самардах зэргийг цээрлэдэг байна.
Монголчууд хэзээнээс нааш сар шинийн баяраар юм нүдэх дуу чимээ гаргах ус түлээ базаахыг цээрлэдэг. Ялангуяа шинийн гуравны дотор усанд явбал нагац нь гэмд, унах буюу цөв болно. Уйлах, муудалцаж хэрэлдвэл тэр жилдээ хэрүүл шуугиан тасардаггүй гэдэг. Мөн шинийн нэгний өдөр айлд хоновол дараагийн жил гартал айлаар хоноглодог хэмээдэг байна.
Айлчин гийчнийхээ өмнөөс гарч явах, шинийн нэгэнд үнс хогоо гаргах нь ч зохисгүй аж. Сар шинийн өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж. Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг цээрлэж долоон бурхан одонд цацал өргөдөг байна.
Эдгээрээс битүүний өдөр. Битүүний өдөр амьтны амь хороох, хоолоо дутуу идэж зажлан гадагш гарах, мал сүргээ хээр хонуулах, цатгалан бус хонох, нялх хүүхдийг нэрээр нь дуудах, хувцас, хоосон хувин, сав гадаа хонуулахыг цээрлэдэг . Хэрэв хоосон сав суулгыг гадаа хонуулах шаардлагатай бол хөмөрч тавина. Мөн хар ус асгах хэт их согтохыг ч цээрлэдэг .
Шинийн нэгний өдөр. Сар шинээр эхний өдрүүдэд тухайлбал 1-2-нд аян замд гарах, уйлах, шинийн долоонд ах, дүү амраг садныдаа зочлохыг цээрлэдэг байна. Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг аж. Харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг байна. Мөн шинийн нэгний өглөө үнс хогоо асгах нь муу бөгөөд хэрэв ус түлээ базаах аваас нагацд нь муу зүйл тохиолддоно гэж үздэг байна. Энэ өдөр эд зүйл зээлдэх, өртэй орох, хуучин цогоор галаа асаах, харанхуйд золгох, айлд хонох амьтны амь таслахыг цээрлэдэг байна. Сар шинийн өдрүүд болон битүүний өдөр амьтны амь таслахыг цээрлэж буй нь амьтан ч гэсэн шинэлдэг гэж үздэгтэй холбоотой аж.
No comments:
Post a Comment