Цагаан сар ба Балданлхам бурхан
Монголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурханыг айл бүхэнд залран ирдэг гэж билэгшээн ундаасч ядарсан луусыг нь услаж байгаа утгаар гэрийнхээ гадаа үүдэнд мөс тавьдаг заншил уламжлагдан хадгалагдсаар иржээ.Гэлүгва ёсны шүтээн, Сайн цагийн мянган бурхны сахиус, хангал бурхдын нэг Балданлхам нь бараан хөх бие, догшин дүрт эмэгтэй бурхан, баруун гартаа бороохой, зүүндээ цус дүүрсэн гавал аяга барин, шар халзан луусан дээр хажуулдан сууна. Луус нь чөтгөрийн арьсан тохош, өвчний тулам, есөн нүхт мэс, эрээн мод зүүсэн, цоглог, хурд, шандас сайтай хэмээн сударт бичсэн байдаг.
Зураг дээр Лхам луусаа хөлөглөн цусан далай дээгүүр давхин, заан толгойт Чүсрэн хэмээх нөхөр нь хар могойн цулбуураас нь барин, арслан толгойтой Сэнгэдонжан дигүг, цалам барин давхиж, хуйлран эрчилсэн их хар салхины өмнө оршино. Зохиомжийн дээд хэсэгт Богд Зонхов голлон, Жүгдэр намжил, Ногоон дарь эх, Жигжид, Очирваань бурхад үүлэн дээр тэнгэрт заларч, Доод хэсэгт Гонгор, Шалши, Намсрай нар газарт буйгаар дүрсэлжээ. Монголчууд уг бурхныг тахин шүтвээс бүх насны гай барцад арилан, нас буяныг уртасгадаг хэмээн шүтэж иржээ.
Нагтан зургийн төрөл гэдэг нь хар, улаан, шар, цагаан дэвсгэр дээр өнгөөр ялган эсвэл нэг өнгөөр алтаар зурах арга юм. Энэ аргаар 17-19-р зууны монгол зураач нар олон тооны бүтээл туурвисны нэг нь уг бүтээл юм. Бүтээлийг үүр шөнийн завсар Балданлхам бурхан заларч байгаагаар завсрын өнгүүдийг ашиглан маш нарийн уран сайхны зураас татлагаар зурсан байна. Уг зурагт лхам бурхан гурван ертөнцийг нэвт ширтэн баруун мутартаа бороохой, зүүндээ цус дүүргэсэн хүний гавал барин бор халзан луус хөлөглөн цусан далай дээр давхиж буйгаар дүрсэлсэн байна. Тэрээр хүний таван хохимой толгойт титэм, гархин ээмэг, хүзүүний сондор зэргийг зүүн барын арьсан шамтав өмсчээ.
No comments:
Post a Comment