Шинийн 15-ны дотор багтаж заслаа хийлгэвэл буян сая саяар арвидна
Зурхайн зурлагад буусан ном, заслаа шинийн 15-ны дотор багтаан уншуулж заслаа хийлгэх гэсэн сүсэгтнүүдийн цуваа тэр өдрүүдэд буян номын газар, хийд, сүм дуганд тасардаггүй. Эдгээр өдөр уншуулсан ном, үйлдсэн буян хэдэн зуун сая живагаар үрждэг учир хүмүүс тийн чухалчилж заслаа хийлгэдэг. Үржин дэлгэрэхийн учир нь 2500 жилийн өмнө Бурхан багш ертөнцийн үзэгдэл юмсыг бясалгаж, номоо номлож байх үед буюу хаврын тэргүүн бар сард буддын шашны нэгэн чухал үйл явдал болсон аж. Бурхан багш номоо бясалгаж суухад нь тэрсүүдийн зургаан багш түүн лүгээ очиж “Хүмүүс таныг хүндлээд байх юм, бид ч гэсэн эр зориг, эрдэм чадалтай. Тиймээс эр зориг, эрдэм чадлаа үзэлцэж хэн дийлснийхээ номд дагаар орьё. Дийлснээ хүндэтгэн ёсолж байя” гээд тэмцэлд дуудсан гэдэг. Ингээд бурхан багш тэдний саналыг хүлээн авч хаврын тэргүүн бар сарын шинийн нэгнээс эхлээд 15 хоногийн турш тэрсүүдийн багш нарыг номхотгож номдоо дагаар оруулсан байна. Иймээс энэ өдрүүдэд үйлдсэн буян хэдэн зуун сая живаагаар үржигддэг аж. Тухайлбал, энэ үеэр нэг удаа уншсан ном сая саяар арвижих нигууртай учир ёр цээрээ ч гэсэн гаргачихвал бүтэн жилээ даадаг тул хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэж, буян үйлдэхээр шамддаг байна. Та ч гэсэн зурхайд буусан засал, номоо бурхан багшийн тэрсүүдийн багш нарыг номхотгосон өдрүүдэд уншуулж, жилээ даатгаарай. Таны үйлдсэн буян сая саяар үржих болтугай.
No comments:
Post a Comment