Монгол нүүдлийн соёл иргэншлийн академын “номч мэргэн”, Монголын зурхай сүнс судлалын хүндэт доктор Баавгай овогт Сүхийн Дамбий гуайтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
- Цагаан сарыг хэзээнээс эхлэн тэмдэглэх болсон бэ?
- Монгол түмний их баяр Цагаан сартай учран золгох цаг наашлан буй билэгтэй өдөр “Яруу сэтгэгч” сонинд зочиноор уригдсандаа туйлын баяртай байна.
Танай сониноор дамжуулан, мэргэдийн “Ухааныг ундруулж, сэтгэлийг нь гэгээрүүлнэ” гэсэн уриаг хүндэтгэж мэдлэгээ хуваалцъя. Эртний ном сударт тэмдэглэснээр Монголчууд цагаан сарыг 2000 жилийн тэртээгээс Хүннү улсын үед, “Цагаан идээний баяр” болгон өдөр шөнө хоёр тэнцсэн намар цагт малын зоо тэнийсэн, таван тансаг идээ бялхсан үеийг тохиолдуулж тэмдэглэж ирсэн түүхэн улбаатай. 13-р зуун буюу /1205 он/ гуравдугаар жарны өвлийн адаг сарын эцэс хаврын тэргүүн сарын сарын шинэдээр Тэмүүжин Хамаг монголын хаан ширээнд өргөмжлөн залагдсан юм. Тэр мөчөөсөө Монгол улсаа байгуулж, нэгдсэн төрийг нээсэн их баярыг шинэ жилийн баяртай давхцуулан, шинэ оноо хавар тэмдэглэдэг ийм сайхан уламжлалыг бий болгосон нь дорно дахины ихэнх ард түмний нийтлэг ёсоор журамлан Цагаан сарыг намраас хаврын эхэнд шилжүүлэн хүмүүний нас нэмсэний баярыг хамтатган тэмдэглэх ёсыг бий болгосноос хойш өнөөдөртэй золгожээ. Эзэн богд Чингэс хаан цагаан сарыг хамаг монголоороо амьтны 12 жилийн тоолол ёсоор хаврын тэргүүн бар сараар эхэлж, өвлийн адаг үхэр сараар дуусгаж ёс төрийг хүндлэх учир утгыг монгол түмэндээ тунхагласан юм байна. Өнөөдөр манайхан төрсөн өдрийн баяр гэж дугуй тэмдэглэж байгаа нь уламжлалаасаа ухаарвал дэндүү ташаа юм шиг санагддаг. Монгол хүн нэг жилд нэг л нас нэмдэг. Тэр нэмсэн насаа хамгийн хүндэтгэлтэйгээр цагаан сартайгаа хамтарч тэмдэглэж байсан уламжлал өнөөдөр ахмад, ухаалаг ард иргэдийн дотор хэвээр байна.Цагаан сарыг монголчууд архи дарсгүй тэмдэглэдэг бөгөөд архи дарсыг зөвхөн хошууны эсвэл ургийн тэргүүн хүмүүсд хүндэтгэлийн чанартай дээжлэн хүртээж байсан болохоос биш бүх хүнд шат дарааллан архи барьж байгаагүй ийм сайхан уламжлал өдгөө хүртэл залгуулж иржээ. Харамсалтай нь энэ архины асуудлыг түгээмэл хавтгайруулсан явдал нь хүн ардын эрүүл мэнд, улс гүрний хүнсний бүтээгдэхүүнд ихээхэн бэрхшээл учирч байгааг саяхан болж өнгөрсөн гашуун баримтуудаас санаж байгаа байх гэж бодож байна. Чингэс хааны үеэс Цагаан сараар ахмад хүмүүсдээ /60-120 нас/ төрийн сангаасаа хишиг хайрлаж, хүн болгоныг ялгаж салгалгүй хүндэтгэж байсан энэ сайхан уламжлалыг өнөөдөр бүх албан газар, баг сумуудад хэрэгжүүлж байна. Харамсалтай нь шилжилт хөдөлгөөнөөс болоод зарим 60-аас дээш настай өндөр настангууд энэ ивээл хүндэтгэлд хамаарагдаж чадахгүй гоморхож яваа нь уламжлалаа умартаж байгаагийн шинж. Тийм учраас энэ ажлыг хариуцдаг байгууллага, баг сумынхан тэр насныхаа эрэмбэ дараагаар ахмад хүмүүсдээ цагаан сарыг угтаж, мэндчилгээ бэлгээ жигдхэн хүргэж байвал уламжлалаа хэвээр хадгалаж, цаашид уламжлалуудаа хадгалах алтан боломжууд бий болно гэж санаж байна. Цагаан сарыг тэмдэглэхдээ их сэлгүүцэх, их дэмий үймэх, дуу чимээ гаргахыг хуулиар хориглож байсан байна. Гэтэл одоо зарим нэг хүмүүс анги сургуулийнхнаараа бөөгнөрч нүсэр хөдөлгөөн хийж явах нь зохимжгүй юм шиг санагддаг. Гэхдээ хүний эрх болбоос энийгээ тэр ажилдаа давхцуулахгүйгээр хийж байвал залуучуудын маань хүмүүжилд хэрэгтэй болов уу гэж санаж байна.Ерөөсөө Монголчууд цагаан сарын үеэр морины уралдаан наадам цэнгүүн хийж байсангүй. Харин намар цагаан сарыг тэмдэглэж байх үед тэмээний уралдаан хийж байсан. Сүүлийн үед ажиглалтаас үзэж байхад морины уралдааныг цагаан сараар ардчилалын 17 жилд хийдэг боллоо. Энэ бол хүний эрх чөлөө, хийж байгаа хүмүүсийг буруушаахгүй. Эмзэглэж байгаа нэг юм бол Их морийг цагаан сараар хүйтэн цагт уралдуулахаар:1. Адгуусан амьтаныг зовоож байдаг, 2. Тэр морийг унаад давхиж яваа хүүхдийн эрүүл мэндийг анхаарахгүй байгаатай холбоотой юм.Судлагааны явцад үзэхэд хурдан морийг 5-13 насны хүүхдүүд унадаг байна. Өвлийн гуриг цагт хурдан морь унаад давхиж яваа хүүхдийн нүд чихээр салхи шуугиж орсоноос болоод 60 насандаа хараа сайтай эрүүл явж байх уул хүүхэд 5,10,20 насаар эрт өтлөж хараа нь муудаж, чих нь дүлийрдэг болохыг ухаарсан тэр цагаас эхлээд л өвөл морь уралдуулахыг больсон байна. Өнөөдрийн 5,10-хан төгрөгөнд хууртаж амьдралынхаа 10,20 жилээр хохирох уу, эсвэл өвлийн уралдааны морийг унахгүй 10,20 жил эрүүл явах уу гэдгийг энэ залуу үе, өнөөгийн утга учиргүй наадамыг зохион байгуулж байгаа хүмүүс дүгнэлт хийвэл “Амьддаа бие биенээ хайрла” гэсэн Дашбалбарын үг үнэнд ойртох байхаа гэж бодож байна.
- Монгол түмнээрээ цагаан сарыг хэрхэн яаж тэмдэглэвэл зохих вэ?
- Монголчууд цагаан сарыг тэмдэглэхийн нэг сарын өмнөөс буюу зулын 25-наас эхлээд бэлтгэлээ хийдэг байсан байна. Тэр өдөр хийж байгаагийн учир нь бүтэн жилдээ хийсэн нүгэл алсан амьтан хорхой шавьж, зовсон зүдрээсэн бүх уур хилэнцээ наминчилж, энэ зул сарын 25-аас ирэх жилийнхээ өвлийн хатууг хаврын хахирыг зутрахгүй давахын тулд хоол хүнсэндээ базааж авсан малынхаа бөөрний өөхөөр зул барьж буян хийж байсан монгол уламжлалыг өдрөөс өдөрт бид хэрэгжүүлж яваа. Гэхдээ одоо цагаан сарыг их нүсэр болгож, хүндрүүлж бэлэг татаасанд бэлтгэх ийм зүйлрүү орж байна. Ингээд золгох сарыг галын их тахилга гэж зулын 24-нд хийдэг байсан байна. Энэ тахилагыг хийсний маргаашнаас эхлээд орчин тойрныхоо хогийг, малын сэвснээс эхлэн цэвэрлэхийн зэрэгцээгээр малаа бэлчээрлүүлдэг, хотлуулдаг хотыг хүртэл чулууг нь сайхан ярж оруулсанаараа хүн амьтантайгаа ирэх жилдээ сайхан өнөтэй орохын бэлэг бэлгийн чанд ухааныг дэлгэрүүлэн бэлтгэдэг байсан байна. Цагаан сарыг угтаад хэрүүл тэмцэл, өр авал атаа хорслоо мартаж,“Миний буруу байсан шүү, ирэх жил ингэхгүй шүү” гэж бие биенээсээ уучлал өчил гуйж, сэтгэл санаагаа тайвшруулж, өр авалгаа өгч, атаа хорсолгүй золгох нь цагаан сарын бэлтгэл байжээ. Монголчууд Цагаан сарыг хүүхдүүдээ баярлуулах, ахмад үеэ хүндэтгэж сургаал ерөөлийг нь сонсох, өв уламжлал амьдралаа залгуулахын угтвар хамгийн хүндэт өдөр гэж тэмдэглэж байсан байна.
- Гар цайлгах ёсны талаар?
- Монголчууд бол үеийн үед орсон гарсандаа ундтай, идээ будаатай байдаг сайхан ард түмэн. Айлд орсон л бол заавал суу, цай уу, идээ ид гэдэг.
Одоо бол энэ их өөр болжээ.Хүн ороод л гарч байдаг. Идээ ч өгдөггүй, унд ч өгдөггүй. Энэ нь бол ядуурах, гуйлагчлал болох их угтвар ажиглагдаад байнаа гэж мэргэн ардууд, өвөө эмээ нар халаглан ярьж байдаг. Гар цайлгах бэлэг бол их учиртай. Манайхан гар цайлгаж байна гэж архи барьж золгоод, тамхи барьж өгөөд л …Цагаан сар чинь цагаан идээний баяр, цагаан сэтгэлийн баяр. Ороод ирсэн хүндээ хар муу санааны аюул осолтой, эрүүл мэндэд нь саадтай архи, тамхи бэлэглэж байгаа нь “Чи түргэн халь даа” гэсэн утгаар ойлгогдоод байгаа юм. Энийг зөөлрүүлж бодоод энэ бэлгийг авах, бас өгөхөөс түтгэлзэж зүгээр хоол ундаар сайхан дайлж цайлаад гаргах хэрэгтэй, заавал гар цайлгах гэж байгаа юм бол тэр хорыг өгч байхын оронд хор аваад байгаа нэг зуу юмуу нэг мянган төгрөгөө өгчих юм бол авч байгаадаа ч эвтэйхэн, араншин төрх нь ч эвдрэхгүй, аюул хорны ч гай болохгүй болов уу гэж энэ залуучуудад захимаар байна. Цаашдаа ч үүнийг дэлгэрүүлэх байх гэж найдаж байна. “Өгье гэвэл ганцаас, өргөмжилье гэвэл сэтгэлээсээ” гэж үг байдаг.
- Уламжлалт соёлоо алдахгүйгээр энэ баяраа хэрхэн тэмдэглэх вэ?
- Хүннүгээс авхуулаад ялангуяа эзэн богд Чингэс хааны зарилгалсан тэр сараас хойшхи тэр жаяг, арга билэгийг өөрчилж, засвар оруулж чадах ч үгүй. Цагаан сарын шинийн нэгэнд ах зах хүн, аав ээжтэйгээ амрыг нь эрж, мэндийн үгээр мишээлгэж, харилцан ярилцах нь уламжлалт соёл. Түүнээс зүгээр Сайн байна уу? Гээд модон үгээр ярихгүй “Амар байна уу? Сайхан хаваржиж байна уу? Өргөө хотлоороо мэнд амар уу? Мал сүрэг тарган тавтай юу? Энэ ондоо ажлын амжилт юутай билээ?” гэсэн дандаа дэлгэрч байх мэндийн үгсээр харилцаж байх нь монгол хүн амны бэлгээр гэсэн үгэнд ойртож очно. Соёл дотор бол төрсөн ч бай, тэлсэн ч бай дүүмэд хүн цагаан сарын шинийн нэгний өглөө ахмад хүнтэй золгоход заавал хоёр гараараа золгож амар мэндээ мэдэлцээд нүүрлүүгээ эгц харж мишээн, нүүрний баясгалантай байх явдал бол итгэлцэл үзүүлж байгаа соёл, энэ жилдээ атаа хорсолгүй явна гэсэн гэгээн ухаарал байх ёстой. Тэгээд үнсэж байнаа гээд бодвол тэрнээс илүү хишиг, тэрнээс илүү ерөөл юм. Нас л ахалдаг учраас цагаан сарын шинийн нэгэнд нэг сарын ахмад байсан чиг л гэсэн дүү нь мэндлэгээ явуулдаг уламжлалт заншлаараа л хүндэтгэж хийгээд түүнийхээ дараагаар орчин цагтайгаа уялдуулж хувийнхаа яриаг дэлгэрүүлж цэнгэж болно. Тэгээд энэ тэмдэглэлт баяраа хийхдээ архигүйгээр, цагаалгаар ерөөл дэмбэрэлээрээ бэлэг бэлгийн сайхан шагай атгаж тоглодог ч юмуу, шагай нясладаг ч юмуу, морь уралдуулдаг ч юмуу шагайны хэдэн сайхан эрдмээр тоглох хэрэгтэй.
- Залуучууд бидэнд хандаж өөрийн хэлье гэж боддог сургаалаа айлдана уу?
- Номоо уншиж, өвөг дээдсийнхээ яриаг сонсож, түүнийг эргэцүүлж чаддаг юм бол сургаал багадаагүй байгаа. Харамсалтай нь манай залуучууд аав ээжээсээ эхлээд ахмад үеийнхээ яриа сургаалыг сонсож, нягтлаж “Би дараа нь ахмад үе болно” гэдгээ санахгүй, зөвхөн өөрсдийнхөө гэнэн цагаан насаар дандаа дэгдэж, дэрвэж, цалгиж цангинаж явах юм шиг бодож алдсан хойноо харамсаад байх юм байна шүү. Тийм учраас үүнийг уншиж байгаа хөвгүүд, охидууд бүгд л адилхан сум сонгож, өрх нэмж өрхийн тэргүүн айлийн эзэгтэй нар болдог юм. Хөвгүүд нь цагаан сараар нэг бүрэн хувцасаа өмсөөд товч шилбэнүүдийг нь бүрэн товчлоод явж байвал энэ нүдэнд дулаахан, нүүрний буянтай сайхан хүү, сайхан залуу гэж харагдана. Энгэр заамаа задгайлчихаад явж байвал ирэх жил хэрэг төвөгт орчихоор үйлс муутай танхай балмад хүн байна гээд хүн дөлөөд явчихдаг юм.
Эмэгтэйчүүд нь цагаан сараар цай, цагааллага, айргаа барихдаа бэлэг бэлгийн чанд хэлдэг үг байна. Энэ талаар би хэлье гэж бодлоо. Зочилж ирсэн зочинтойгоо золгоод хамгийн анхныхаа цайг ахмад хүнд барихдаа:
“Эрт дээрээс эхтэй
Эцэг өвөгдөөс журамтай
Эрхэм ёсыг сахиж
Идээ идээний дээж
Ирэх гийчний угтвар
Цаглашгүй хүндэтгэлийн нэг
Цай нэртэй үүнийг зочин тандаа барья
Тавтай сууж тухтай хүртэнэ үү” гэж ийм үг хэлж цайгаа өгдөг байна.
Цагаалгаа хийгээд барихдаа:
“Булт олныг дайлдаг
Бурам жимс тэргүүнтэн
Буурал болтлоо хүртдэг
Буян чуулган хураадаг
Будааллага нэртэй идээ
Цагаан ариуны тэмдэг болдог
Цагаан сүү тэргүүтэн
Цав зоогийн тэргүүн болдог
Цагааллага нэртэй идээг
Хүн бүрийн аманд хүргэдэг нь
Хүнд мэндийн ёсоо
Хэн бүхэн хүртдэг нь
Хэзээний монголын эрхэм ёсоо гэж хэлээд цагааллагаа хоёр гардаж барьдаг байна.
Айргаа барихдаа:
Алдарт монголын буян
Ард малчны бэлэг
Адуун сүргийн хишиг
Хүн олны ундаа болсон
Хүндэтгэл ёслолын бэлэгдэл болсон
Айраг нэртэй ариун чанартай, рашаан хүчтэй,
Амтат энэ идээг айлчин зочин тандаа айлтган барья, тогтоон ажаамуу гэсэн ерөөлийг хэлээд айргаа барьж байсан энэ зан заншилаас эхлээд өвөг дээдэстээ үнэлэгдэж, ухаан бодлоороо дэлгэрч, орсон гарсанд магтагдаж, олз ашигаар дэлгэрч яваарай гэж залуучууддаа ерөөмөөр байна. Монголын маань уламжлалт цагаан сарын дэг жаяг, ёс журам, арга билэг, ухаарал уламжлал, хүндэтгэл мишээл нь айл бүхэнд түгэн дэлгэрч үеийн үед, ургийн урагт өрх гэрээрээ үүрд амгалан, үйлс оюунаараа цаглашгүй арвин, ухаан бодлоороо тансаг, аж амьдрал тань өөдрөг өлзийтэй байж шинэ жилдээ сайхан шинэлээрээ гэж энэ сониноор дамжуулж уншигч та бүхэнд хувийн ерөөл дэвшүүлж байнаа.
No comments:
Post a Comment