Saturday, January 15, 2011

Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн цагаан сарын хурлын талаар.


Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн цагаан сарын хурлын талаар.



Балин адислага.

     Билгийн тооллын өвлийн адаг сарын 26-ны өдрийн үдээс хойш хурдаг хурлын нэр. Өндөр гэгээн Занабазарын гаргасан Их Хүрээ дэг ёсны уламжлалаар тарнийн гүн ухааны зан үйлийг шашны хөгжмийн бүрэн зэмсгийн хөг аялгуу өргөж, зуун найман цан дэлдэн буулгаж уншдаг юм.

     Уг хурлын үеэр Өндөр гэгээнд кориулсан "Пунцаг гүсүм" хэмээх түүний арван таван төрөл үеийн залбирлыг уншицгаадаг. Мөн Манз |цай|-ны дээж өргөхдөө Өндөр гэгээнд зориулан "Ран Ласар" хэмээх тахилын номыг олноор яруу сайхан ая эгшигээр уншдаг. Сүм хийдүүд жилийн эцэст байран балин тахилаа сольж, шинээр урлан, шүтээндээ өргөдөг уламжлалтай. Гандан хийдүүдэд сарын өмнөөс лам, ядам, чойжингуудын тус тусын балин тахилыг Цагаан човомбо гэж алдаршсан Их Хүрээний Намжилданзэн ламын зохиосон "Тунгалаг толь" хэмээх номын дагуу урладаг. Энэ балин адислагын хурал нь Монголын цагаан сард зориулж сүм хийдийн лам нар "Хуучин ном" хэмээх гурван өдрийн их хурал, битүүний шөнийн Лхам сахиус, шинийн 15 хоногийн ерөөлд зориулсан буян номын угтал юм. Энэ хурлын өдөр айл өрх, сүсэгтэн олон та бүхэн өөрийн гэр орнийг сайтар цэвэрлэн, шороо тоосыг үргээж, өөрийн бурхан тахилыг сайтар цэвэрлэн тахил балин тавидаг бол хуучин тахилуудыг нь солин шинээр сэлбэн тавиж, зул хүжийг өргөн хуучин сарын аливаа муу зүйл бүхнийг ариусган шинэ сардаа сайн сайхан бүхнийг арвидан дэлгэрэхийн буяныг хураахын ерөөлийг талбин сэтгэлийг ариусгах болой. Уг хурлыг таван дүрээр бүтээгдсэн Өндөр гэгээний 1000 дүрийг залсан Дашчойлин хийдийн Цогчэн дуганд хурдаг болой.

Хуучин номын хурал.
     Хуучин номын хурал хэмээх нь 10 хангал буюу их сахиусыг 3-н өглөө 7 цагаас эхлэн шөнө дөл болтол монгол орны бүх хийдүүдэд хурдаг номын зан үйл юм.  Дээрхи хурлыг хурахдаа Бурханд тухайн өдрийн голлох сахиусыг шинэ ян /бурханд эгшиг өргөх/-аар өргөн хурдаг ёстой. Билгийн тооллын 27-нд хуучин номын хурал эхэлдэг. Энэ өдөр Гомбо Махагал бурханыг голлон хурж шинэ янгаар татна. Гомбо Махагал нь их төрөлхтөний номын сахиус юм. Их төрөлхтөн гэдэг нь эх болсон хамаг амьтны төлөө их бодь сэтгэл үүсгэсэн бодьгал бөгөөд өөрийн үндсэнд буй зовлонгоор жишиж, зовлонг нь үнэхээр барах асран нигүүлсэхүй сэтгэл үүсгэн, туйлын зорилгодоо хүрэхийн тулд " Би бээр төгс гэгээрсэн бурхан болъё" хэмээх тангарагтан юм. 28-нд Лхамыг шинэ янгаар татна. Лхам бурхан нь дунд төрөлхтөний сахиус юм. Орчлонгын алив үзэгдэл, оршин буй юмнаас сэтгэл уйссан дунд төрөлхтөн нь ганц өөрийн тулд амгалан бодхи хутагт орштугай хэмээн  санаж, зорилгоо болгосон бодьгол байдаг. 29-нд Чойжоо шинэ ян татна. Чойжоо нь бага төрөлхтөний номын сахиус юм. Бие, хэл, сэтгэлийн үйл болох буян, нүглийн ялгалт суралцахыг эрхэм болгосон, улмаар авралыг үзүүлэгч тэргүүтэнд итгэл одуулагч, үйлийн үр, хойт нас бийд тээнэгэлзээ арилсан бодьгалыг бага төрөлхтөн гэдэг. Дээрхи гурван ян буюу арван хангал тахих бүрэн хурлын үеэр би тэргүүтэн миний ах дүү төрөл төрөгсөд түүгээр дамжуулан хамаг амьтны нас буян, эрүүл энх, ажил төрөл, эд арвидахыг даатган залбирал одуулдаг ба урьд онд өөрт, ах дүү төрөл төрөгсөд, нийт Монгол даяар тохиолдсон муу зүйл бүхэн амирлаж шинэ ондоо сайн буян бүхэн дэлгэрч байхын гол угтал хурал юм. Тиймээс сүсэгтэн та хуралд даган баясаж заяа буянаа даатгавал, цогийн наран мишээн, та болоод танай ураг төрөл нийт нийгэмдээ амар амгаланд учрах нь нигууртай болой.

Битүүний Цэдор Лхам.
     Дашчойлин хийдэд өвлийн адаг сарын битүүний орой 23:00 цагаас Цэдор Лхамын хурал бую битүүний хурал эхэлдэг билээ. Шөнөжин хурах Балдан Лхам бурханы тахилганд "хуучин ян" татдаг. Энэ нь хуучин онд тохиолдсон бүх муу зүйлийг ариусган Лхам бурханд даатгах хурал юм. Түүний дараа шинэ оноо угтаж Балданлхамд "шинийн балин"  буюу "Цэдор" өргөх ёслолд "шинэ ян" татаж нар мандах хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр Балданлхам бурхан гурван мянган ертөнцийг эргэж, бүх айлд морилдог гэж үздэг. Тиймээс зарим хийд гаднаас үнэс шигшиж цацаад Лхам бурханы хөлөг луусны мөр гартал хурдаг байсан гэдэг. Лхам бурхандаа "Цэдор" өргөж гүйцээд Эрхэмийн аймгийн дуганд их сахиусанууддаа мандал өргөж сахиусны дугандаа лаваа / сахил санваар, зиндаанаас хамаарна гэсэн утга болно/-ныхаа эрэмбээр золгоцгоодог. Үүнд даган баясаж мөргөл үйлдсэн та бээр дагалдах саад зэтгэр үгүйгээр гарч буй шинэ сардаа элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байхыг бэлгэдэн сэтгэлийн мухраас сэтгэл итгэмжилсэн сүсгийг төрүүлэн залбирал үйлдэх болой.

Цагаан сарын их ерөөлийн тухай.
     Монгол газар Чойнпрүл молом буюу арван таван хоногийн их ерөөл хурах зан үйлийг Өндөр гэгээн Занабазар санаачлан, Их Хүрээнээ тогтоон журамлажээ. Энэ их ерөөлийн хурал нь Монголын цагаан сартай давхцан тохиодог юм. Эдүгээ Дашчойлин хийд " Чойнпрүл молом"-ыг шинийн 1-4 хүртэл 16:00 цагаас, шинийн 5-15 хүртэл 13:00 цагаас эхлэн хурдаг юм. Харин үдээс өмнө Цогчэн /өглөөний тогтмол уншлагын нэр/ болон сарын дүйцэн / Шинийн 8-нд Их Манал, 10-нд Хажидын чого, 15-нд Сандуйн жүд/ хуралаа хурдаг билээ.  Анх Бурхан багш 57-н сүүдэртэйдээ Энэтхэгийн Утармужийн Сахитамахэд тэрсүүдийн 6-н багшид номыг номнон ялан зохиож 15-н хоногийн турш номын хүч чадал рид хувилгааныг үзүүлэн хуран цугласан олон түмэн шавь нарыг номонд оруулж, зовлонгоос хагацуулан жаргалангийн үр лугаа учруулан зохиосон юм. Энэ түүхэн үйл явдлыг санан дурсаж байхын тухайд Богд лам Лувсандагва /1357-1419/ Рибугэданнамбаржалбаалин хийдийг байгуулж улмаар "Лхасын Их ерөөл" хурах болсон нь Бурханы шашинтнуудын эрхэмлэх зан үйл болон тогтжээ. Олон зуун жилийн түүхт хуучний Зүүн Хүрээний Эрхэм, Вангай, Эх дагины аймаг тэргүүтэн хүрээ 30 аймгаас үлдсэн  олон сахиус бурханд Хуучин номын хурал болоод Цэдор Лхам, Их ерөөл тэргүүтэн цаашлаад өдөр тутмын хурлын уншлаганд даган баяссанаар та болон таны үр хүүхэд ах дүү төрөл төрөгсөд, нийт Монгол даяар өвчин үгүй эрүүл энх, урт удаан наслаж угтан ирж шинэ өдөр бүрт хотол чуулган сайн сайхан бүхэн дэлгэрхийн өлзий хутаг орших болтугай.

Арван дөрөвний Их ерөөл
     Бээжингийн Шар сүмд Өндөр гэгээн 1724 оны хаврын эхэн сарын шинийн 14-нд жанч халсан юм. Тэр цагаас хойш эл өдрийг түүний таалал барьсан дүйцэн хэмээн тогтоож, цагаан сарын их ерөөлөөс тухайлан ерөөл" гэж нэрлээд, гэгээнтний айлдсан "Норов бадам маань"-ийг цогчэн их унзад жавдан дээрээ гарч зогсон хүндэтгэлтэйгээр татдаг болсон байна. Мөн энэ хурлын үеэр Өндөр гэгээнийн мутрын үр болох хэвээр дарсан боовоор цогчэнд идээ засаж, мөн өөрийх нь айлдсан "Ум лай даняама" номыг уншин лхагдоргүй цогчод өргөдөг юм.


Ум ма ни бад мэ хум


Дашчойлин хийдийн "Зүүн Хүрээ" коллежийн багш Б.Жамбал


http://www.dashichoiling.mn/index.php?module=articles&sec=view&aid=35

No comments:

Post a Comment