Хийморийн дарцаг хийсгэхийн учир
Буддын гүн ухаанд хүний сүнсийг хөдөлгөж байдаг 10 төрлийн хий оршдог. Тэдгээр нь та бидний үзэж харах, санаж, сэрэх, идэж уух, уусан идсэнээ боловсруулах зэрэг бүх л зүйлийг зохицуулж байдаг нэг ёсны хөдөлгөгч хүч гэнэ. Энэ хийний хүчээр хүмүүс амьдралаа тэтгэж, сүнсний хөдөлгөөнөө зохицуулдаг аж. Ийм ч учраас сүнсний хөлөглөдөг хийг морь лугаа адилтгаж “хийморь” хэмээдэг аж. Хийморь муудахаар сүнсний чадал муудаж аливааг санаж сэтгэх нь мууддаг гэж үздэг учраас хийморио сэргээдэг байна. Энэ хийг сэргээхэд эм уугаад бариа засал хийлгээд сайжирдаггүй тул тусгайлсан зан үйлийн дагуу сэргээдэг. Хийморийг сэргээхдээ гүн ухааны үүднээс сүслэж өндөр уулын оройд гарах, номын хүчийг шингээх, зөв сэтгэл өвөрлөх, сайхан үнэртэн тэргүүтнийг ашигладаг. Харин сүүлийн үед нийслэлийнхэн маань Богд ууланд орших “Хийморийн овоо”-нд дарцаг өргөснөөр хийморио сэргэчихдэг гэж хэт хошуурдаг болсон нь өрөөсгөл ойлголт юм. Ихэнх хүн өөрийн сүсгээр хийморийг дарцагт оршоож өрх гэрийнхээ хүндэтгэлт газар залваас хийморь сэргэдэг гэж үздэг. Ер нь хүн өөрийн оюун сэтгэлдээ зөв үйлийг өөгшүүлж, дотоод сэтгэлийнхээ буртагийг огоорон, “оюун санааны эрч хүч”-ээ нэмэх нь хийморио сэргээж, сүнснийхээ чадлыг сайжруулж байгаа хэлбэр юм.
No comments:
Post a Comment